Адуучин аавынхаа эрдмийг өвлөсөн Ж.Бат-эрдэнэ "АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ" цол хүртлээ



Адуучин, аймгийн алдарт уяач н.Жалцав агсныг Зэрэг сум, Алтан тээл нутгийнхан төдийгүй Ховд аймгийн зарим ахмад уяачид андахгүй сайн мэдэх бизээ. Адуу маллах арга туршлага, уясан хурдаараа нэгэн үед сум, аймагтаа нэртэй явсан тэрээр хэдийгээр бурхны оронд одсон ч түүний хүү Бат-эрдэнэ уяачийн эрдэм, үйл хэргийг нь өвлөн, үргэлжлүүлсээр явна.



Хүүхэд байхдаа хурдан хүлэг морьдыг унаж төрийн наадамд тоосоо өргөн торгон жолоо өргүүлж явсан Ж.Бат-эрдэнэ аавынхаа амжилтад хүрч “АЙМГИЙН АЛДАРТ УЯАЧ” цол хүртлээ. 

Алдартын энгэрийн тэмдэг, залаа малгайг аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг гардуулж баяр хүргэв. 


Ж.Бат-эрдэнэ 2000 оноос хойш бие даан морь уяж явна. Өөрөөр хэлбэл, 20 гаруй жил нас насны хурдан морьдоо уяж баг, сум, аймаг, бүсийн баяр наадамд шандсыг нь сорьсоор байгаа юм. Мөн хурдан жороо морио унаж төрийн баяр наадамд уралдуулна. Найз нөхөд, ахан дүүс, галын уяачдаас суралцаж бас туршлага юугаа хуваалцсаар өдгөө 20 гаруй жил хөдөлмөрлөж явна. 



Адууны өв соёл, морин уралдаан мартагдах учиргүй. Уясан бүхэн нь түрүү авч амжилтаа улам бүр ахиулахын ерөөл бүхэн оршиг ээ.

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ