Хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийг тохижуулж, "хүүхдэд ээлтэй орчин" бүрдүүлжээ



Эрүүл мэндийн үйлчилгээнд тав тухтай орчин чухал үүрэгтэй. Ялангуяа  эмнэлэгт үзүүлэхээр ирсэн, хэвтэн эмчлүүлж буй бага насны хүүхдүүдэд энэ нь чухал. Иймээс хүүхдэд ээлтэй эмнэлгийн орчин бүрдүүлэх зорилгоор “Грейпсийд хөтөлбөр хэрэгжүүлэгч Мөрөөдлийн жигүүр гадаад хэлний сургалтын төв”-ийн багш ажилчид, сурагчдын эцэг эхчүүд санаачлан БОЭТ-ийн хүүхдийн тасгийг номын сан, тоглоомын орчинтой болгох сайн үйлсийн ажлыг сар гаруйн хугацаанд өрнүүлжээ. 



Энэхүү сайн санааны үйлсэд хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй орон нутгийн иргэдээс гадна Америк, Шинэ Зеланд, Австрали, Солонгос, Герман улсад амьдардаг Ховд нутгийн харъяат 5 наснаас 60 хүртлэх насны 200 гаруй иргэн нэгдэж, мөнгөн хандив өргөжээ. Мөн 23 төрлийн тоглоом, 130 ширхэг ном, сэтгүүлийн ширээ, номын тавиур, тоглоомын тавиурыг хүүхдийн төлөө хандивласан байна. Үүнээс гадна тус сургалтын төвийн багш ажилчид тухайн орчны ханыг эко будгаар будаж, 50 жил арилахгүй акрилкан будгаар амьтдыг урлаж, олон хүүхэд тоглох боломжтой хананы тоглоом, хүүхэдтэйгээ хамт ярилцах боломжтой үлгэрийн баатруудыг энд байрлуулж, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэн эмнэлэгт үзүүлэхээр ирсэн бага насны хүүхдүүд айж эмээхгүйгээр эмчдээ үзүүлэх, хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүд дуртай тоглоомоороо тоглох, ном унших, найзалж нөхөрлөж эмнэлэгт байх хугацаандаа цагийг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрөөх хүүхдэд ээлтэй, сонирхолтой орчин бүрдүүлж чаджээ.  

“Грейпсийд хөтөлбөр хэрэгжүүлэгч Мөрөөдлийн жигүүр гадаад хэлний сургалтын төв”-ийн багш ажилчид, сурагчи, эцэг эхчүүд, хандив өгөгчдийн төлөөлөл өнөөдөр /2022,06,16/ тохижилтын ажлын үр дүнгээ танилцуулж, БОЭТ, хүүхдийн тасгийн хамт олонд хийсэн ажлаа хүлээлгэн өглөө.  



Үүн шиг хүүхдийн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгчийн өрөө бүрийг хүүхдийн насны онцлогт тохируулан, хүүхдийн сонирхол татахуйц байдлаар тохижуулах бүрэн боломжтой.  Энэ нь хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахын хажуугаар өвчнөө мартах, сатаарах зэргээр хүүхдийн сэтгэлзүйд эерэг нөлөө үзүүлэхээс гадна эмчилгээний үр дүн, чанар сайжрах давуу талтай юм.  
Иймээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан энэхүү  эмнэлгийн тохижилтын ажлыг цаашид шат дараатай зохион байгуулахыг эмнэлгийн байгууллагынхан хэлж байлаа. 

ВИДЕО:











 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ