Бага насны хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл их байна



Ховд аймагт томуу томуу төст өвчин идэвхжилийн үедээ буюу өвчлөл нэмэгдэж байна. Аймгийн хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 7.85 %-ийг томуугийн үзлэг эзэлж байгаа юм.  Өөрөөр хэлбэл, аймгийн хэмжээнд сүүлийн 7 хоногт амбулаториор 9211 хүн үйлчлүүлснээс 723 нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна. Үүний 50 гаруй хувь нь буюу 449 нь 0-4 насны хүүхэд байна. 



Тухайлбал, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Хүүхдийн клиникт одоогийн байдлаар 50 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 75 хувь нь амьсгалын замын цочмог халдвар оноштойгоор эмчлэгдэж байна. 
Цаашдаа томуугийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа юм. Иймээс ханиад томууны шинж тэмдэг илэрч байвал халдвар хамгааллын дэглэм баримтлан гэртээ байх, эрүүл мэндийн байгууллагаас зөвлөгөө тусламж авах хэрэгтэй. Мөн эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж,  томуугийн халдвараас  сэргийлэх нь чухал.   




Томуугаас сэргийлэх нэг арга бол томуугийн эсрэг вакцинжуулалтад хамрагдах. Ховд аймаг томуугийн эсрэг 13270 хүн тун вакцин татан авснаас  одоогийн байдлаар 3300 гаруй хүн буюу хамрагдалт 25 хувьтай байна. 
Улирлын томуугийн вакцин нь тухайн улиралд зонхилон эргэлдэж буй томуугийн вирусийн эсрэг байдаг. Энэ жил 4 цэнт вакцин буюу томуугийн өвчлөлийг үүсгэдэг А хүрээний 2, В хүрээний 2 вирусийн эсрэг дархлаа үүсгэх вакцин буюу БНСУ-ын Грийн Кросс үйлдвэрийн GC FLU вакцин хийж байна. Улирлын томуугийн вакцинд жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд, өндөр настан, багтраа, зүрх судасны эмгэг зэрэг архаг хууч өвчтэй хүмүүс нэн тэргүүнд хамрагдах хэрэгтэй. Томуугийн эсрэг вакцинд хамрагдснаар томуугаар өвдөх, томуугийн халдварыг бусдад тараах эрсдэлийг бууруулдаг аж. 
Улирлын томуугийн эсрэг вакцинд сайн дураараа хамрагдахыг хүссэн иргэд харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төв дээрээ очиж вакциндаа хамрагдах боломжтой. 

ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ