"Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд багийн эмчийн оролцоо" сэдэвт багийн бага эмч нарын хоёрдугаар зөвлөгөөн боллоо



Малчид, алслагдсан багийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэдэг “Эрүүл мэндийн анхан шатны нэгж” бол сум, өрхийн эрүүл мэндийн төвийнхөн, тэр дундаа хөдөөгийн багийн эмч нар байдаг.  Ховд аймагт өдгөө 6 өрхийн эрүүл мэндийн төв, 16 сумын эрүүл мэндийн төв гээд нийт 22 эрүүл мэндийн анхан шатны нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үүнд 886 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байгаагийн 61 нь хөдөөгийн иргэдэд дуудлагаар явуулын үйлчилгээ үзүүлдэг багийн бага эмч нар юм. Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй болгох, хэнийг ч орхигдуулахгүй байхад багийн бага эмч нарын оролцоо хамгаас чухал.



Иймээс Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас багийн эмч нарыг чадавхжуулах, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, туршлага солилцох зорилго бүхий ажлыг шат дараатай хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, 2018 онд багийн бага эмч нарын анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байсан бол хоёр дахь удаагийн зөвлөгөөнийг "ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНД БАГИЙН ЭМЧИЙН ОРОЛЦОО" сэдвийн хүрээнд амжилттай зохион байгууллаа. 



Ховд аймгийн хамгийн хол, алслагдсан бүсийн сум нь аймгийнхаа төвөөс 400 гаруй километрийн зайд оршдог. Хөдөөгийн алслагдсан багийн ард иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх явцад бартаат замыг туулах, унаа тeхникийн эвдрэл гэмтэл үүсэх, шатахуун дутагдах, эм тарианы хадгалалт, хамгаалалтын стандарт зөрчигдөх гэх мэт олон асуудал тулгардаг талаар багийн эмч нар хэлж байна. Мөн цаашид багийн эмч нарыг унаажуулах, ажиллах нөхцөл боломжийг сайжруулах, нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх, багийн бага эмчийн орон тоог нэмэгдүүлэх, холбогдох төсөв санжүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг хүслээ.



Багийн бага эмч нарын хоёрдугаар зөвлөгөөний үйл ажиллагаанд 50 гаруй хүн хамрагдлаа. Ийнхүү багийн эмч нар харилцан суралцаж, мэдлэг ур чадвараа дээшлүүлснээр сум, багийн малчид, ард иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг жигд, тэгш хүртээмжтэй, чанартай шуурхай хүргэх боломж өргөжих юм. 

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ