“Ховд-Ажлын байр” хэлэлцүүлэг, хөдөлмөрийн өдөрлөг боллоо



Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран  “Халамжаас хөдөлмөрт” уриалга бүхий “Ховд-Ажлын байр” хэлэлцүүлэг, хөдөлмөрийн өдөрлөгийг зохион байгууллаа. Орон нутгийн залуучуудад хөдөлмөр эрхлэлтийн талаар мэдээлэл хүргэх, туршлага солилцох, иргэдэд ажлын байр санал болгох, зуучлах зорилготой энэхүү үйл ажиллагаанд ажил олгогч, ажилгүй иргэн, залуучуудын төлөөлөл 220 гаруй хүн оролцсон юм. 
Энэ үеэр оролцогчид хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдал, ирээдүйн  чиг хандлага, бизнес эрхлэх боломж, тулгарч буй бэрхшээлийг даван туулах арга замуудын талаар ярилцаж,  “Халамжаас хөдөлмөрт” бодлого, бусад арга хэмжээ,  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  хөтөлбөрүүдийн тухай мэдээлэл солилцов.   



Энэ үеэр 28 аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгч иргэд 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж, олон нийтэд танилцуулжээ. Ингэснээр орон нутагт хувиараа үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнес эрхэлж буй залуучууд, иргэдийн зүгээс бараа бүтээгдэхүүнээ борлуулах,  орлогоо нэмэгдүүлэх боломж өргөжиж буй. Мөн ажилгүй иргэдийг ажлын байранд зуучилж, 100 орчим ажлын байрыг санал болгож, зөвлөмж өгч ажилласан байна.



Тус аймаг жилд 600-с дээш ажлын байр шинээр бий болгох зорилго дэвшүүлэн ажилладаг. Энэ жилийн тухайд 860 ажлын байр шинээр бий болжээ.  Үүний 50 гаруй хувь нь байнгын ажлын байр, 42 хувь нь түр болон улирлын чанартай ажлын байр юм. Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 2022 онд 1350 орчим ажлын байрны сул орон тоонд захиалга ирж, улмаар 1288 иргэн буюу 90 хувь нь ажлын байранд зуучлагджээ.

ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ