
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Дэлхийн адууны баяр"-ыг зохион байгуулсан. Монгол үндэстний адууны өв соёл, нүүдэлчин ахуй, үндэсний уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, дэлхий нийтэд сурталчлан таниулах, морин соёлыг өвлүүлэн хөгжүүлэх зорилготой үндэсний хэмжээний томоохон арга хэмжээнд Ховд аймгаас нийт 106 морьтон оролцоод ирлээ.
Өөрөөр хэлбэл,
16 сумын төлөөлөл болон Адуучдын холбоо, Уяачдын холбоо, Ажнай өвт монголжин ТББ болон Улаанбаатар хотод ажиллаж амьдарч буй Ховд аймгийн иргэд нэг хайрцаг буюу нэгэн зуут болох 106 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, угсаатны хувцас, морь уналгын иж бүрэн хэрэгсэлтэйгээр ёслолын парадад жагсан оролцов.

Энэхүү арга хэмжээ нь оролцогчдын эв нэгдлийг бэхжүүлэх, адууны өв соёлыг өвлүүлэн хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулахаас гадна Ховд аймгийн нэр хүндийг улсын хэмжээнд өндөрт өргөсөн ач холбогдолтой ажил боллоо гэж оролцогчид сэтгэл өндөр байна.

"Дэлхийн адууны баяр"-ын хүрээнд болсон 10,000 морьтны ёслолын парадад амжилттай оролцсон аймаг, зарим байгууллагуудад Монгол Улсын Ерөнхийлөгчийн
“БАТЛАМЖ” олгожээ.
Уг “БАТЛАМЖ”-ийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Х.Баасанхүүд Ажнай өвт монголжин ТББ-ын ТУЗ-ийн дарга Г.Одгэрэл өнөөдөр /2026.07.22/ гардуулан өглөө.

