Аймгийн хэмжээнд амбулаторийн нийт үзлэгийн 12%-ийг томуугийн үзлэг эзэлж байна



2023 оны 01-р сарын 2-ноос 08-ны өдрийг дуустал буюу оны эхний долоо хоногийн эргэн мэдээллээр аймгийн хэмжээнд амбулаториор 9082 хүн үйлчлүүлсний 1100 нь буюу 12 %-ийг  нь томуугийн үзлэг эзэлж байгаа юм. Томуу, томуу төстөөр өвчлөгсдийн дотор 0-15 насны хүүхдүүд 69.8%-ийг, 2-4 насанд өвчлөл хамгийн өндөр буюу 25.6%-ийг эзэлж байгаа бол 16-64 насныханд өвчлөл өмнөх долоо хоногоос 2.3%-иар өссөн ба нийт өвчлөлийн 25.8%-ийг эзэлж байна.

Оны эхний долоо хоногийн байдлаар Булган, Манхан, Цэцэг, Эрдэнэбүрэн, Жаргалант сумдад томуу, томуу төст өвчин аймгийн дунджаас өндөр үзүүлэлттэй гарчээ.
1 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 73.2% нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Үүнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 2%-иар өссөн үзүүлэлт юм.

Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин “Улирлын томуу, томуугийн цартахлын хүндрэлийн үнэлгээ” -гээр “АЛАГ ЦООГ ДЭГДЭЛТ”-ийн түвшинд байна.
Цаашид томуугийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул ханиад томууны шинж тэмдэг илэрсэн тохиолдолд халдвар хамгааллын дэглэм баримтлан гэртээ байх, эрүүл мэндийн байгууллагаас зөвлөгөө тусламж авах, эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж,  томуугийн халдвараас  сэргийлэхийг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. 

ВИДЕО: Н.САРУУЛЧУЛУУН /ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ХАЛДВАРТ ӨВЧИН ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН/



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ