Я.Энхболдын гэр бүл Дуут сумын Шивэр багаас төрсөн анхны "УЛСЫН АВАРГА МАЛЧИН" боллоо



Ховд аймаг жилийн эцсээр гурван сая таван зуу мянга гаруй толгой мал тоолуулсан. Аймгийн хэмжээнд 8500 гаруй малчин өрх мал сүргээ өсгөн үржүүлж улс орныхоо эдийн засагт өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байна.

Дуут сум байгаль цаг агаарын эрс тус уур амьсгалтай өндөр уулын бүсийн сумдын нэг. Тус сумын малчдаас болзол хангаж Улсын цолонд хүрсэн малчид бусад сумдыг бодвол харьцангуй цөөхөн. 80 жилийн түүхтэй тус сумынхан тэгвэл энэ жил зургаа дахь аварга малчнаа өлгийдөн авлаа. 


Улсын аварга малчин цол хүртсэн Ядмаагийн Энхболд хүүхэд байхаасаа аав ээжийгээ даган мал маллах арга ухаанд суралцжээ.
1999 онд гэргийтэйгээ ханилан айл болсон тэр цагаас хойш мал маллаж явна. Хөдөлмөрч гэр бүл гэдгээрээ нутаг усандаа нэр хүндтэй. Тэд уул ус, байгаль дэлхийдээ дасан зохицож мал сүргээ маллахаас гадна эзэн малчны хичээл зүтгэл, эрсдэлийг давах бэлтгэл хамгийн чухал гэдгийг онцоллоо. 



Мал аж ахуйн салбарт 30-аад жил ажиллан эрдэнэт сүргээ таван төрөл дээр нь өсгөсөөр 2000 гаруй толгой малтай болжээ. Энэ хавар 650 орчим төл хүлээн авах бэлтгэл хангаад байна. Цаашид малынхаа тоо толгойг нь өсгөх биш харин үүлдэр угсааг нь сайжруулж нэг малаас авах шимийг нэмэгдүүлэхэд анхаарах цаг болсныг хэлж байв. 



Я.Энхболд, О.Оюунчимэг нар өвөг дээдсээс уламжилж ирсэн буурь бууцаа манаж, эрдэнэт мал сүргийнхээ буян хишгийг хүртэн энэ амжилтад хүрсэндээ баяртай байна. 



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ