“Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр”-ийг угтан “Гэрэлт ирээдүйд гар бүү хүр” алхалтыг зохион байгуулав



Жил бүрийн 04 дүгээр сарын 30-ны өдрийг “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдрийг угтан Ховд аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Цагдаагийн газар, аймгийн Прокурорын газраас санаачлан Жаргалант сумын Засаг даргын тамгын газар, БШУГ-тай хамтран энэ сарын 28-ны өдөр “Гэрэлт ирээдүйд гар бүү хүр” алхалт зохион байгууллаа.
 

Энэхүү арга хэмжээ нь Хүүхдийн бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг таслан зогсоох, нийгмийн хандлагыг өөрчлөхөд хүүхэд, залуучуудын дуу хоолойг олон нийтэд хүргэх зорилготой. 



“Гэрэлт ирээдүйд гар бүү хүр” алхалтад аймгийн ИТХ-ын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвганди болон аймаг, сум, холбогдох байгууллагуудын удирдлагууд оролцлоо. Мөн Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, “Хөгжил” политехникийн коллежийн оюутнууд, ГБХЗХГ-ын дэргэдэх хүүхдийн оролцооны клубийн гишүүд, аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн гишүүд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нарын 500 орчим хүүхэд, залуус оролцлоо.



Ингэснээр тэд Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох, хүчирхийллийн эсрэг уриа лоозон барьж өөрсдийн дуу хоолойгоо илэрхийллээ. 

Сүүлийн жилүүдэд нийгмийн өөрчлөлтөөс шалтгаалан хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл эрс нэмэгдэж байгаа бөгөөд ОУБ-аас гаргасан судалгаагаар Монгол улсад 10 хүүхэд тутмын долоо нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байгаа гэсэн харамсалтай тоо мэдээ байгаа юм. 



“Гэрэлт ирээдүйд гар бүү хүр” алхалтын үйл ажиллагаанд зориулж аймгийн ГБХЗХГ-ын дэргэдэх Хүүхдийн ордны бүжгийн дугуйлангийн сурагчид болон ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн 8г ангийн сурагчид “Хүүхдийн тусламжийн 108” утасны “flashmobi” бүжгээр оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэв.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ