
Монгол оюутнууд Германд: Ажил хөдөлмөр, аялал, амьдралын шинэ туршлага
Монгол улсын баруун хязгаар Ховд аймгаас 2025 оны 07 сарын 04-с 08 сарын 14 хүртэл ажилласан оюутны баг Европын зүрхэнд орших Герман улсыг зорьсон нь амьдралын шинэ хуудас нээсэн аялал байлаа.
Нийт есөн оюутан явснаас:
-Хуягаа Наранбилэг ( АШУИС Их эмч )
-Баянцагаан Бямбазаяа ( МУИС – ийн Баруун бүс Эрх зүй )
-Энхтайваны Мягмарчулуун (МУИС – ийн Баруун бүс Багш Биологи )
-Амарсайханы Хосзаяа (МУИС – ийн Баруун бүс Нийгмийн эрүүл мэнд )
-Батмөнхийн Сумъяа (МУИС – ийн Баруун бүс Эрх зүй ) зэрэг таван оюутнууд Ховд аймгаас мөн гурван оюутан Өвөрхангай аймгаас, нэг оюутан Сэлэнгэ аймгаас тус тус хамрагдсан байна.
Эдгээр оюутнууд “Work and Travel” хөтөлбөрт хамрагдан, суралцахын зэрэгцээ ажиллаж, аялж, өөр өөр соёл, шинэ орчинтой танилцах боломжийг олжээ.
Ховд аймгаас анх удаа зохион байгуулагдсан тус хөтөлбөрт есөн оюутан амжилттай шалгарч, Германы Osnabrueck хотод байрлах Boeckmann Erdbeeren компанид нэг сар хагас орчим хугацаанд ажиллаж, амьдарсан байна.

Хариуцлагатай хөдөлмөрийн орчин
Ажлын эхний өдрөөс эхлэн тэд Германд ажиллах соёлын онцлогийг мэдэрчээ. Өглөө бүр шинэ ургацын гүзээлзгэнэ түүх ажил нь зөвхөн хөдөлмөрийн дадлага биш, харин хэрэглэгчдийн гар дээр очих бүтээгдэхүүнийг нягт нямбай шалгаж, чанартай хүргэх хариуцлагатай үүрэг байлаа.
“Цаг бол алт” гэх үгийн үнэ цэнийг Германчуудын цаг баримталж, зохион байгуулалттай ажиллах арга барил тодорхой харуулсан бөгөөд энэ нь оюутнуудад тууштай байдал, тэвчээрийн чухлыг ойлгуулжээ. Зорилго байхад өдөр бүр сонирхолтой, дурсамжтай өнгөрдөг ба тэдний өнгөрүүлсэн нэг сар 10 хоног /40 хоног/-ийн хугацаа үнэхээр хурдан өнгөрчээ.

Сургамжтай аялал, соёлын солилцоо
Ажлын дараах амралтын өдрүүдэд тэд Германы хотуудаар аялж, түүхэн дурсгалт газрууд, сүм шилтгээн, төрийн ордон, номын сан, их сургуулиудаар зочилсон. Сүм, шилтгээн бүр өөрийн гэсэн түүх, онцлогтой байв. Тэр дундаа Hamburg хотын Rathaus төрийн ордон, Koln хотын Dom сүм тэдний сэтгэлд тод мөр үлдээлээ.
Барилгын хийц, дотоод засал зэрэг нь үнэхээр л хараад уулга алдам байжээ. Өөр өөр мэргэжлээр сурдаг оюутнууд хамт явсан нь нэгэн давуу тал болж, мэдлэгээ хуваалцан, очсон газар бүрээсээ үнэтэй туршлага хуримтлуулж чадсан байна. Мөн Германчуудын нийгмийн харилцаа, гэр бүлийн үнэ цэнийг дээдлэх үзэл, уламжлалт хоол, байгаль орчноо хайрлан хамгаалах хандлага зэрэг нь оюутнуудад гүн сэтгэгдэл үлдээжээ.
Дурсамжтай аяллын үнэ цэнэ
Оюутнуудын хувьд Германд ажиллаж, амьдарсан нэг сар хагас /40 хоног/ нь зөвхөн ажил хөдөлмөр, аялал зугаалга бус, харин амьдралыг өөр өнцгөөс харах шинэ хандлага, өөр өөр соёлын дунд ойлголцох ухааныг суулгасан чухал хугацаа байлаа. “Гэр” гэдэг ойлголт газар нутгаар хязгаарлагдах бус, харин сэтгэлийн дулаанаар тодорхойлогддог гэдгийг тэд энэ аяллаас ухаарсан билээ.
Хөтөлбөрийн санаачлагч
Энэхүү хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн хүн бол Ховд аймгийн Дарви сумын уугуул, Герман улсын Osnabrueck хотод ажиллаж амьдардаг, Англи хэлний багш, Монгол судлаач мэргэжилтэй, Германд эдийн засгийн эрх зүйн чиглэлээр суралцаж төгссөн МУИС – ийн Баруун бүсийн Боловсрол судлалын докторант Дүүрэнбатын Ариун багш юм.
Тэрбээр өөрийн мэдлэг, туршлагаа нутаг орныхоо залууст түгээж, олон улсын хөтөлбөрт хамрагдах боломжийг нээж өгч байгаа бөгөөд одоогоор Ховд аймагтаа “ДҮҮРЭН МЭДЛЭГ” Герман хэл, соёл солилцооны төвийг амжилттай удирдан ажиллуулж байна.
Д.Ариун нь түр хугацаагаар эх орондоо ирсэн бөгөөд хөтөлбөрийн амжилтад тулгуурлан Ховд хотод Герман хэлний элсэлт авч байна. Тэдний гадаад хэл, соёл солилцооны төвийн үүд хаалга үргэлж нээлттэй бөгөөд дараа жил шинэ хуучин оюутнуудаа Герман улсад хүлээн авахаар төлөвлөж байна.
Нийтлэл бичсэн: Батбаатарын Анаржингоо Сэтгүүл зүйн ангийн оюутан
Гэрэл зураг: Сонирхогчийн гар утсаараа авсан зураг ашиглав