Д.Батцогт: Сонгуулийн үр дүнгээр МАНАН арилсанд туйлын баяртай байна

УИХ-ын гишүүн асан Д.Батцогттой ярилцлаа.

-УИХ-ын сонгуулиас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Та сонгуулиас хойш юу хийж байна вэ?
-Сонгуулийн дараа нэг хэсэг амарлаа. УИХ-ын гишүүнээр дөрвөн жилийн хугацаанд нэлээд ачаалалтай ажилласан. Жаахан зав гарвал тойрогтоо очиж ажилладаг байлаа. Сонгуулийн дараа Монголынхоо сайхан байгальтай газруудаар аялж  хэсэгтээ л амарлаа. Үндсэндээ есдүгээр сарын 1-нээс л ажиллаж эхэллээ. Би олон төрийн бус байгууллага хариуцдаг. Өөрийгөө завгүй байлгах үүднээс тэднийхээ үйл ажиллагааг идэвхжүүлж байна.
-Та өөрийнхөө ялагдлын шалтгааныг юу гэж дүгнэсэн бэ. Намаа сольсноос болоод сонгогчид таниас “уравчихав” уу, эсвэл өрсөлдөгч үнэхээр хүчтэй байв уу?
-Нам сольсон дээр бол ямар ч асуудал байхгүй. Би чинь угаасаа АН-ын гишүүн байсан шүү дээ. Тиймээс энэ бол сонгуулийн дүнд хүчтэй нөлөөлөөгүй. Яагаад гэвэл, манай сонгогчид “Д.Батцогт угаасаа л АН-ын хүн” гэдэг байдлаар хүлээж авсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тойргийнхоо иргэд, сонгогчдод ойрхон ажилласан. Тулгамдсан асуудлыг нь шийдэх, орон нутагтаа хөрөнгө оруулалт татах тал дээр нэлээд зүтгэж ажилласан учраас сонгогчдынхоо дунд ам сайтай байсан. Өрсөлдөгчийн тухайд бол хүчтэй байсан. Дөрвөн жилийн хугацаанд сөрөг хүчний индэр дээрээс орилсон хүнтэй өрсөлдөнө гэдэг амаргүй л дээ. Манай ард иргэд мөрөөрөө ажлаа зөв зүйтэй хийгээд явж байгаа хүнээс илүү шүүмжилж байгааг нь анхаарах хандлага байдаг. Гэхдээ ард түмний сонголтыг хүндэтгэж байгаа. Сонгуульд ялагдлаа гээд өнгөрсөн хугацаанд бодож төлөвлөж байсан зүйлсээ хаяад явахгүй нь ойлгомжтой. Энэ үйл хэргийнхээ төлөө цаашдаа тууштай байх болно.
-Нэг айлын хоёр хүргэн нэг тойрогт өрсөлдсөн нь өнгөрсөн сонгуулийн нэг онцлог байсан. Мөн “Намаас нь энэ хоёрыг заавал хооронд нь таарууллаа” гэх мэдээлэл гарч байсан. Энэ хэр зэрэг бодитой мэдээлэл вэ?
-Биднийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд “Хоёр баз” гэж нэлээд ад үзсэн л дээ. Гэтэл одоо хоёр баз байтугай төрсөн ах, дүүгээс эхлээд хэлхээтэй холбоотой хүмүүс УИХ-д орчихсон л байна. Би гурван удаа сонгуульд өрсөлдсөн. Бүгдэд нь базтайгаа өрсөлдсөн. Гэхдээ бид бие биенээ дэмжих, татах үйлдэл хийж байгаагүй. Харин МАНАН-дах сэтгэлгээнээс болоод бид хоёрыг “Энэ хоёр баз хуйвалдчихдаг байх” гэсэн хардлага улстөрчдийн дунд байсан. Энэ буруу ойлголт, хардлагад өнгөрсөн сонгууль цэг тавилаа. Нэг тойрогт тулгах нь МАН-ын дарга нарын бодлого. Хувь хүний хүчин зүйл ч орсон байх. Би тойргоо 14 хоногийн өмнө сонгоод, манай нам шийдвэрээ гаргачихсан байсан. “Хоёр базын нэг нь  УИХ-д байх ёстой” гэж үзсэн юм шиг байна лээ. Тэр дагуу л асуудал шийдэгдсэн. Харин өрсөлдөөн бол нэлээд ширүүхэн байсандаа.      
-Сонгуулийн нийт дүнг яаж хүлээж авсан бэ?
-Сонгуулийн дүн цочирдмоор байсан нь үнэн. Гэхдээ ард түмний сонголтыг хүндэтгэх ёстой. Харин бид юун дээр алдав гэдгээ нэлээд сайн бодох ёстой. Нийгэм даяар хэлэлцүүлэг явагдаж байх шиг байна. АН-д өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж бүтээсэн зүйл их. “Бид их юм хийсэн учраас ард түмэн сонгох байх” гэсэн итгэлтэйгээр оролцсон гэж бодож байгаа. Харин ард түмэн сонгуульд саналаа өгөхдөө их олон талаас нь хардаг юм байна. Манай намтай холбоотой бүх мэдээллийг харж байхад “АН-ын ялагдалд хэн буруутай вэ” гээд буруутныг хайсан байдалтай байгаа нь харамсалтай. З.Энхболд гэдэг хүн “Намаа ялагдуулъя” гэж сонгуульд оролцоогүй нь ойлгомжтой шүү дээ. Буруутай гэвэл бүх шатанд ажилласан хүмүүс буруутай. Тиймээс буруутныг хайхаасаа илүү бид юун дээр алдав гэдгийг л бодож дүгнээд урагшаа харж ажиллах ёстой.
-Сонгуулийн тогтолцоог өөрчилсөн нь танай намын ялагдалд их нөлөөлсөн юм биш үү? 
-Улстөрчид холмилог тогтолцоог бий болгосноор намууд төлөвшинө гэж тайлбарладаг. Харин өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд иргэдтэй уулзаж санаа бодлыг нь сонсч байхад “Намын нэрийн ард нуугдаж гардаг энэ тогтолцоог болиул” гэж шаарддаг байсан. Мөн Үндсэн хуульд иргэд хууль тогтоох дээд байгууллагад төлөөллөө шууд сонгох тухай заалт бий. Эцэст нь Үндсэн хуулийн цэц намын жагсаалтыг болиулах шийдвэр гаргасан шүү дээ. УИХ түүнийг нь хүлээж авахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Харин томсгосон тойрог байх уу, жижиг 76 байх уу гэдэг дээр улстөрчид нэлээд ширүүн маргасан. Би хувьдаа жижиг 76 байх нь зөв гэж үзсэн. Ингэснээр УИХ-ын гишүүд нь ард иргэддээ хүрч ажиллаж ойрхон байх боломжтой гэж харсан юм. Нөгөөтэйгүүр өнгөрсөн дөрвөн жил АН олонхи байгаагүй. Бусад нам, эвсэлтэй хамтарч засагласан. Хамтарна гэдэг бол дандаа бусдыг царайчина, тулган шаардлагыг нь хүлээж авна, арга эвийг нь олно гэсэн үг. Ингэж ажиллахад маш түвэгтэй байдаг. Эцэст нь, хариуцлага ярих болоход олонхийг бүрдүүлсэн ганц нам руу л чиглэдэг. Энэ дагуу ганцхан АН дээр л хариуцлага ирсэн. Өөх ч биш, булчирхай ч биш ийм байдлаар цаашдаа ажиллах нь буруу. Нэг нам нь ялбал ялсан шиг ялаад яриуцлага хүлээдэг байх ёстой. Тийм учраас би жижиг 76-г дэмжсэн. Мөн иргэдийн дунд “Нам гэхээсээ илүү хувь хүнийг нь харсан сонголт хийнэ. Аль болохоор зөв, шударга хүнийг дэмжинэ” гэсэн уур амьсгал байсан. Үүнд нь найдсан. Холимог тогтолцооноос татгалзах ёстой гэж үзсэн хамгийн том шалтгаан бол МАНАН.  МАНАН бол улс төрийн тахал. Өнгөн дээрээ нам гэж тоглодог. Цаанаа болохоор хэсэг бүлгээрээ хуйвалддаг. “Сонгуулиар аль ч нам олонхи болохгүй. Тиймээс хамтраад засаглана” гэж ярилцаж, бодож явдаг хүмүүс бий. Харин бидний сонгосон тогтолцоо, сонгуулийн үр дүнд МАНАН арилсанд туйлын баяртай байгаа. Нэг нам нь олонхи болоод хариуцлагаа хүлээгээд ажилладаг, нөгөө нам нь сөрөг хүчин болоод хяналтаа тавьдаг байх ёстой.

-Гэхдээ энэ удаад олонхи, цөөнхийн харьцаа арай л их зөрүүтэй болчихлоо.
-Харин тэглээ. Олонхи нь хэт олуулаа, цөөнх нь хэт цөхүүлээ болчихлоо. Өөрөөр хэлбэл, Монголын төр хяналтгүй болсон дүр зураг харагдаж байна. Жижиг 76-д нэг сул тал байдаг нь энэ л дээ. Уг нь нам гэхгүйгээр зөв хүмүүсээ сонгох зарчим баримталсан бол ийм их ялгаа үүсэхээргүй байлаа. Гэхдээ цаашдаа ч гэсэн энэ тогтолцоогоо битгий өөрчлөөсэй гэж хүсч байна. Эрх баригчид намынхаа нэр хүндийг унахаар сонгуулийн тогтолцоогоо дахиад өөрчилдгөө болиосой гэж бодож байна.
-Та “Манай намынхан зөвхөн буруутныг хайхгүйгээр юун дээр алдав гэдгээ дүгнээд урагшаа харж ажиллах ёстой” гэж хэллээ. Гэтэл урагшаа харж ажиллах ёстой хүмүүс ҮЗХ-гоо ч хуралдуулахгүй хойшлуулсан. Уг нь шинэ удирдлагаа сонгож шинэ бодлого, зохион байгуулалттайгаар орон нутгийн сонгуульд оролцох ёстой байсан юм биш үү. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Би ҮЗХ-ны хурал хойшилж байгаад эмзэглэхгүй байгаа. Бушуу туулай боривондоо баастай гэдэг дээ. Шинэчлэл нэртэйгээр яаран сандран хуралдаж хүн солихыг би шинэчлэл гэж харахгүй байгаа. Өнгөрсөн хугацаанд АН ямар бүтэц зохион байгуулалтаар ажиллав, юун дээр алдав, онов гэдгээ сайн дүгнэх хэрэгтэй. Дүгнэлт дээрээ үндэслээд намынхаа дүрэм, үзэл баримтлалаа өөрчлөх шаардлагатай гэж үзвэл ултай суурьтай хандах ёстой. Нам шинэчлэгдэнэ гэдэг бол намын дарга шинэчлэгдэхийг хэлэхгүй. Харин өнгөрсөн хугацаанд ҮЗХ-ны хурлаас намын даргаа сонгодог байсан нь буруу. ҮЗХ-ны гишүүд гэж цөөхөн хэдэн хүн намын даргаа тодруулчихдаг. Олонхиороо сонгосныхоо маргаашнаас эхлээд намын даргаа хүлээн зөвшөөрдөггүй дараагийнхаа даргын эрэлд гардаг байлаа шүү дээ. Тиймээс намын дарга, удирдах бүрэлдэхүүнийг сонгоно гэдэг бол өргөн хүрээг хамрах ажил. Гишүүд, дэмжигчдээрээ хүлээн зөвшөөрүүлж байж намын удирдлагаар тогтвор суурьшилтай ажиллана. Тиймээс бүх гишүүд дэмжигчдээсээ намын даргаа сонгох нь зөв. Үүнтэй намын гишүүдийн дийлэнх олонхи нь санал нийлж байх шиг байна.  Бүх гишүүдээрээ хүлээн зөвшөөрүүлээд сонгогдсон намын дарга хүчтэй ажиллаж чадна. АН бол үндэсний хэмжээний том нам. АН ямар байхаас Монгол төр ямар байх, Монгол Улс хэрхэн хөгжих нь хамаарах учраас үүн дээр ул суурьтай хандах ёстой. Ирэх арванхоёрдугаар сарын 6-нд Их хурлаа хийхээр товлосон. Түүнээс наана ҮЗХ-гоо хуралдуулж сайн бэлтгэх байх. Цаашдаа АН маш олон сонгуульд оролцоно. Мэдээж Монголын төрийг жолоодно. Ингэхийн тулд нүдэнд харагдахуйц шинэчлэл хийх шаардлагатай. Тиймээс орон нутгийн сонгуулийн өмнө яаран сандарч ҮЗХ-гоо хуралдуулж нэг дарга сонгох нь чухал биш л дээ. Зөвхөн нэг сонгуулийг угтсан шинэчлэл биш олон сонгуулийг харсан шинэчлэл хийх ёстой. АН 21 аймаг, есөн дүүрэг, 330 гаруй суманд салбар нэгжтэй. Тэнд дарга нар нь ажиллаж байгаа. Мэдээж төв намаас зохион байгуулах штаб байх ёстой. Д.Эрдэнэбат даргатай штаб энэ ажлаа хийж байгаа байх.
-АН нүдэнд харагдахуйц шинэчлэгдэхийн тулд яах ёстой вэ. Хамгийн их яригдаж байгаа гарц бол фракцгүй болох ёстой гэх юм. Фракцгүй болох боломжтой юу?
-Зөв зүйлийн төлөө фракцалдаг байх ёстой. Фракц гэдэг ойлголт дэлхийн бүх улс төрийн хүчний дотор байдаг. Монголд ч гэсэн том, жижиг гэлтгүй бүх намд байгаа. Харин АН-ын фракцууд нь албан ёсны нэртэй болчихсноороо л ялгаатай. Фракцуудын цаана албан тушаалын хуваарилалт явагдаж байна гэдэг асуудал өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хүчтэй яригдсан. Ер нь маш хүчтэй улстөржсөн дөрвөн жил өнгөрлөө шүү дээ. Үүнийг дагаад фракц гэдэг ойлголт нь үнэхээр аймшигтай хадны мангаа гэх сэтгэгдлийг нийгэмд төрүүлсэн. АН-д “Шонхор”, МҮДН, МоАХ гэх мэт олон фракц байгаатай адил МАН-д ч гэсэн олон фракц бий. Албан ёсны нэршилгүй хүнээ дагасан фракцууд байгаа ш дээ. М.Энхболдын, У.Хүрэлсүхийн гэх мэт хэн нэг хүнийг дагасан бүлэглэлүүд байдаг. Харин манай гишүүд нэг хүнийг байнга дагадаггүй. Өөр өөрсдийнхөө үзэл бодлоор нэгдээд явж байгаа хүмүүс  хэнээр фракцаа толгойлуулахаа шийддэг. “Шонхор” фракц гэхээр зөвхөн З.Энхболд, “Алтангадас” гэхээр зөвхөн Н.Алтанхуяг харагдахгүй ш дээ. Фракцын тэргүүнүүд нь байнга өөрчлөгддөг. Ер нь АН доторхи фракцууд ул мөргүй алга болно гэж байхгүй. Гэхдээ намаа олон жижиг хэсэгт хуваахгүй тулд фракцынхаа тоог цөөлөх, эсвэл албан тушаал гэх мэт хувь хүний эрх ашигтай холбоотой асуудал дээр фракцлахгүй байх хэрэгтэй. Намынхаа дүрэмд фракцуудынхаа эрхийг хязгаарласан заалт оруулах гэх мэтээр өөрчлөлт хийх шаардлагатай гэж бодож байгаа. Манай нам албан ёсны фракцтай ч гэсэн МАН-аас давуу тал олон бий. Тухайлбал, өнөөдөр МАН албан тушаалыг шууд зарж байна. Энэ талаар МАН-ын гишүүд ч, жирийн иргэд ч ярьж л байна шүү дээ. АН сайн, муугаар их хэлүүлж байсан. Гэхдээ албан тушаал зарж байхыг нь амьдралдаа үзээгүй. Намынхаа удирдлагынхаа төвшинд ярилцаад ном журмынх нь дагуу шийддэг болохоос биш нэг хүн бүхнийг шийддэггүй. Фракц гэдэг ойлголтод сайн тал ч бий, муу тал ч бий. Тиймээс энэ ойлголтоо улам боловсронгуй болгох хэрэгтэй. Түүнээс биш “Фракцгүй болголоо” гэж зарлаад байхгүй болчихгүй. Нам байтугай найз нөхөд, нэг байгууллагын ажилчдын дунд ч гэсэн үзэл бодол нийлдэг хүмүүс фракцалдаг ш дээ. Хамгийн гол нь тэр нь нийтлэг эрх ашигтаа сөргөөр нөлөөлөхгүй байх нь л чухал. 
-Д.Эрдэнэбат гишүүн өнгөрсөн долоо хоногт “Фракц гэдэг ойлголтыг эрх ашгийн нэгдэл болгосон нь бидний алдаа” гэж мэдэгдсэн. Та түүнтэй санал нийлэх үү?
-Тийм. Би үүнтэй санал нэг байна. Гэхдээ фракц ямар хэм хэмжээнд ажиллахыг намын дүрмээр тодорхой болгох нь чухал. Фракц байж болно. Тэр нь намын, улс орны том эрх ашигт нөлөөлөхөөргүй л байх ёстой. Манайхан хэтэрхий туйлшраад бүх бурууг л фракц руу чихээд байх юм.
-Та намынхаа шинэчлэлийн тухай ийм бодолтой байгаа юм байна. Одоо ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Эрх баригчид танай намын эхлүүлсэн олон бодлого, шийдвэрийг хүчингүй болгож байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-АН таван “Сайн” хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Энэ бол ард иргэдийн сэтгэлд нийцсэн хөтөлбөрүүд байсан. Тухайлбал, жил бүрийн есдүгээр сарын 1-ний өмнө эцэг эхчүүд “Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг яах вэ” гээд сандардаг. Дээрээс нь сургалтын төлбөр нь жил болгон нэмэгддэг. Энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдгийг удаан хугацаанд бодож байж “Сайн оюутан” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөр төсөвт ямар ч дарамт үүсгэхгүй байх байсан. Үнэхээр сайн сурч байгаа оюутнуудад барьцаагүй зээл олгоё. Тухайн оюутан сургуулиа төгсөөд ажиллаад эхлэхээрээ зээлээ төлөх агуулгатай хөтөлбөр байсан. Үүнийг ард иргэд маш сайн дэмжиж байлаа. Банкуудын төвшинд яриад цааш нь үргэлжлүүлэх бүрэн боломжтой байсан. Үүнийг байхгүй болгосонд үнэхээр харамсч байгаа. “Сайн” гэж нэрлэсэн бүх хөтөлбөр үнэхээр их ач тустай байсан. Гэтэл бүгдийг нь зогсоолоо. Төрийн залгамж чанар гэж алга. Урьд нь өмнөх Засгийн газрынхаа хэрэгжүүлж байсан бодлогуудыг үргэлжлүүлээд хэрэгжүүлдэг л байсан шүү дээ. Тухайлбал, хүүхдийн мөнгө хэчнээн олон Засгийн газар дамжин олгогдож байна. “Сайн” хөтөлбөрүүдээс гадна Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болголоо. Олон жил хэлэлцэгдэж багагүй  бэрхшээлийг туулан батлагдсан хууль. Одоогийн эрх баригчид тухайн үед сөрөг хүчин байхдаа эсэргүүцэж байсан нь үнэн. Яагаад гэхээр, “АН энэ хуулийг батлаад оноо авчих гээд байна” гэж хардсан. Нам оноо авахдаа гол нь биш. Насаараа хамт амьдарсан хоёр хөгшний нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд үлдэж байгаа нь санхүүгийн эрсдэлд ордог. Тиймээс бурхны оронд одсон хөгшнийх нь тэтгэврийн тодорхой хувийг өвлүүлж өгөх хууль байсан. Үлдэж байгаа хөгшиндөө хэдэн төгрөг өвлүүлээд явж байгаа хүн бурхны орон руугаа сэтгэл амар явна ш дээ. “Бурхны орноос ч гэсэн хөгшнийхөө амьдралд дэм болох юм байна” гэсэн үзэл санаагаар боловсруулж баталсан хууль. 100, 200 мянгахан төгрөгийн төлөө нэгнийгээ үхээсэй гэж бодоод сууж байдаг хүн орчлон дэлхий дээр байдаг юм уу. Байхгүй байх. Энэ чинь хэдэн зуун сая, хэдэн тэрбумын асуудал биш шүү дээ. Нөгөөтэйгүүр хамтын тэтгэвэр Нийгмийн даатгалын сангаас санхүүжих байсан. Энэ бол төсвийн мөнгө биш. Нийгмийн даатгалын шимтгэлээ насаараа төлсөн иргэдийн мөнгө. Насаараа нийгмийн даатгалын шимтгэл төлчихөөд тэтгэврээ хэдхэн сар аваад бурхны оронд очиж байгаа хөгшчүүд бий ш дээ. Энэ хуулийн цаана “Би насаараа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь зөв байжээ” гэсэн ойлголт явж байгаа юм. Мөн нийгмийн даатгалд хамрагдах хүмүүсийн тоог ч өсгөх үр дагавартай хууль байлаа. АН-ынхны хийсэн бүх зүйл буруу гэж бодож байгаа бол тавьсан замуудыг нь хуулаад хаячих л даа. Ингэхгүйгээс л хойш бүхнийг зогсоож байгаа нь буруу.   
-Үнэхээр хэрэгтэй сайн хөтөлбөрүүд байсан байж болох ч сонгуулийн өмнөхөн сонгогчдын саналыг татах зорилгоор хэрэгжүүлсэн учраас урт настай бодлого биш. Цаашид хэрэгжүүлэх ямар ч боломжгүй гэж тайлбарлаад байгаа шүү дээ. Сонгуулийн өмнө бус хоёроос гурван жилийн өмнөөс хэрэгжүүлж болохгүй байсан юм уу?
-Сонгууль угтсан популист шинжтэй хөтөлбөрүүд байгаагүй. Сонгууль угтаж хийсэн ажил гэдэгтэй санал нийлэхгүй. Эрх бариад ажиллахаар намын мөрийн хөтөлбөрт ороогүй олон бодлого хэрэгжүүлэх шаардлага гардаг юм билээ. Өөрөөр хэлбэл, амьдралаас урган гарч байгаа асуудлуудыг зохицуулах бодлого хэрэгжүүлэх шаардлага гардаг. Гэхдээ “Ингээд шийдчихье” гээд ганцхан өдрийн дотор шийдэх боломжгүй байдаг. Тухайлбал, би УИХ-ын гишүүнээр ажиллаж эхэлснээсээ хойш “Энэ оюутны сургалтын төлбөрийг яах ёстой юм бэ. Ямар гарц гаргалгаа байж болох уу” гэдгээр олон удаа саналаа илэрхийлж байсан. Ингэж ярьсан бүх зүйл төлөвлөгдөж, боловсрогдсоор байгаад сонгуулийн өмнө гарсан. Түүнээс биш ард иргэдийн саналыг авах гэж хийсэн зүйл биш. Тэр бүх хөтөлбөр иргэдийн амьдралд  чухал хэрэгтэй гэдгийг бүгд мэдэж  байсан. 
-Та ярианыхаа эхэнд олон төрийн бус байгуул-лагуудынхаа үйл ажиллагааг сэргээж байна гэлээ. Амлалт нэхэх ард түмний холбоо гэдэг байгууллага чинь одоо таны нэр дээр улсад бүртгэлтэй байдаг уу?
-Би олон төрийн бус байгууллага удирддаг.  Монголын махны холбооны тэргүүн, Ард түмний холбооны тэргүүн, Монголын ус түншлэлийн тэргүүн, Ховдын ирээдүй сангийн тэргүүн гэх мэт. Амлалт нэхэх ард түмний холбоо чинь Ард түмний холбоо болж өөрчлөгдөөд удаж байна. Манай энэ холбоо 21 аймаг, сум болгонд өөрийн гэсэн хөлтэй байгууллага. Би холбооныхоо хүмүүстэй байнга холбоотой байдаг.

                                                                                                                                      ЭХ СУРВАЛЖ:"АРДЫН ЭРХ" СОНИН


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ