ХОВД АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА Б.БАНЗРАГЧ: Ховдчууд, Ардчилсан намын мянга мянган гишүүд, дэмжигчид та бүхэндээ айлчлан ирж буй шинэ оны мэндийг хүргэе.

                                                                  ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ.



Үхрийн бөөр шиг алаг хирнээ ихрийн сэтгэлтэй Ховд нутгийн ахан дүүс, нийт ард иргэд, Ардчилсан намын мянга мянган гишүүд, дэмжигчид та бүхэндээ айлчлан ирж буй шинэ оны мэндийг хүргэе. 
Улиран өнгөрч  буй 2016 он та бидний хувьд түүхэн он болон үлдэж байна. УИХ, Аймаг, Нийслэл, сум дүүргийн ИТХ гээд шат шатны ээлжит сонгууль амжилттай явагдаж иргэд сонгогчдын мэргэн сонголтын үр дүнд  Монгол улсын улс төрийн ууган хүчин  МАН  ялалт байгуулан, сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэн ажиллаж байна. Иргэд сонгогчдын энэхүү сонголт нь ”Ардчилсан нам”-аас өөрчлөлт шинэчлэлтийг хүлээсэн түүхэн сонголт боллоо хэмээн үзэж байна. Хэдийгээр УИХ-ын сонгуульд  Ардчилсан нам цөөхөн суудал авсан ч Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх хорооны гишүүн БӨХЧУЛУУНЫ ПҮРЭВДОРЖ иргэд сонгогчдынхоо итгэлийг хүлээн УИХ-ын гишүүнээр сонгогдон төрөө түшилцэж байна.  Иргэд сонгогчид маань  аймгийн ИТХ-ын 41 мандатын 17-д нь Ардчилсан намаас нэр дэвшигчдийг сонгож аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө эрх баригчидтай хамтран ажиллах, хүчтэй сөрөг хүчин байх даалгавар өглөө. Бид нэгэн зорилгын төлөө үзэл бодлоо уралдуулан эрх баригчдын алдаа дутагдлыг шударгаар шүүмжилж, зөв бодлогыг дэмжин хамтран ажиллаж байна.
Ирэх  2017 онд Ардчилсан нам намын нийт гишүүд дэмжигчдийнхээ санал асуулгаар намын даргаа сонгоно, намын дүрмээ шинэчилнэ. Монгол улсын төрийн тэргүүнээ сонгох ээлжит сонгуульд оролцоно. Өөрөөр хэлбэл Ардчилсан намын  хувьд өөрчлөлт шинэчлэлтийн жил байх болно. Ингээд түүхийн шаргал хуудсыг зузаатган эргэж буй хоёр он солигдох энэ торгон мөчид Ховд нутгийн зон олон та бүхэндээ шинэ оны баярын мэндийг дахин хүргэж учран золгож буй  2017 ондоо аз жаргал, амжилт бүтээлээр  дүүрэн байж, юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн  өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
         
ХОВД АЙМГИЙН АРДЧИЛСАН  НАМЫН ДАРГА Б.БАНЗРАГЧ


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ