Монголын өмгөөлөгчдийн холбооны ажлын хэсэг Ховд аймагт ажиллалаа


Монголын Өмгөөлөгчдийн холбооны санаачлагаар Монгол улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойн баярыг тохиолдуулан өмгөөллийн үйл ажиллагаа болон Өмгөөллийн тухай хуулийн төслийг сурталчлах, орон нутгийн хуульч, өмгөөлөгчдийн санал, байр суурийг нэгтгэж хууль тогтоох байгууллагад хүргүүлэх зорилгоор “Хүний эрх-Өмгөөлөгчийн хараат бус байдал” сэдэвт аяныг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Монгол улсын 21 аймгийн хэмжээнд зохион байгуулж байна. Тус аяны хүрээнд Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Ганбаатараар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөөдөр Ховд аймагт ажиллаж, “Өмгөөллийн тухай хуулийн хэлэлцүүлэг” болон “Өмгөөлөгч-Хүний эрхийг хамгаалах баталгаа” сэдэвт сургалтыг Хүүхдийн ордны сургалтын танхимд зохион байгууллаа. Сургалт, хэлэлцүүлэгт аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөл, Хууль хяналтын байгууллагын төлөөллөөс 30 гаруй хүн оролцож, Өмгөөллийн тухай хуулийн төсөлтэй холбоотой санал бодол, байр сууриа илэрхийлсэн бөгөөд Эрүүгийн тухай хууль, түүнд тулгамдаж буй асуудлын талаар ярилцсан юм. Энэ үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар: Өмгөөлөгчдийн байгууллагын түүхэн уламжлал, нийгэмд гүйцэтгэх үүрэг, олон нийтийн оролцооны талаар мэдээлэл хийв. Мөн өмгөөлөгчийн мэргэжлийн бие даасан үйл ажиллагааг дэмжиж, түүнийг бэхжүүлэхэд туслах, өмгөөлөгчийн мэргэжил, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, өмгөөлөгчийн хараат бус байдлын баталгааг хангуулах, хараат бус байдал нь алдагдахаас урьдчилан сэргийлэх, өмгөөлөгч, хуульчийн ёс зүйг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт явагдлаа. Сургалт, хэлэлцүүлгийн үр дүнд орон нутгийн хуульч, өмгөөлөгчдийн гаргасан санал хүсэлтийг нэгтгэж дээд шатны хуулийн тогтоох байгууллагад хүргүүлэх юм. 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ