“Олон улсын хүний эрхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэв



Өнөөдөр “Олон улсын хүний эрхийн өдөр”, “Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 71 жил”-ийн ой тохиож байна. Иймд хүний эрх, эрх чөлөөний тухай ойлголт, тулгамдаж буй зарим асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, цаашдын чиг хандлагыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх замаар “Олон улсын хүний эрхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор Ховд их сургуулийн Эрх зүйн тэнхим, аймгийн ГХБХБГ, ХЭҮК хамтран олон талт үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулжээ. 
Үүний нэг бол “Хүний суурь эрх түүнд тулгамдаж буй зарим асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг юм.



Тус хэлэлцүүлэгт Ховд их сургуулийн багш нар, 180 орчим оюутан болон ГХБХБГ, ХЭҮК-ийн төлөөлөл оролцлоо. Энэ үеэр хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс бөгөөд хүний нэр төрийг хүндэтгэн эрх тэгш нийгэмд сайн сайхан амьдрахад хүн бүрийн оролцоо чухал гэж албаныхан онцлон хэлсэн юм. Мөн аймгийн ГХБХБГ нь энэ онд “Иргэн төвтэй, ил тод, ухаалаг газрын харилцааны жил” уриалга дэвшүүлэн ажиллаж байгаа. Энэ утгаараа иргэдэд нээлтэй, ил тод үйлчилгээ үзүүлэх, иргэдийн саналыг сонсох зорилтын дагуу энэ өдрийн үйл ажиллагааг дэмжин ажилласан хэмээн аймгийн ГХБХБГ-ын дарга Б.Баярсүх ярив.



“Олон улсын хүний эрхийн өдөр", “Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 71 жил”-ийн ойн хүрээнд холбогдох байгууллагуудын зүгээс “Монгол Улс дахь Хүний эрхийн асуудал” оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулснаар Ховд их сургуулийн 18 оюутан илтгэл хэлэлцүүлжээ. Түүнчлэн “Хүний эрх” сэдэвт видео бичлэгийн уралдаанд 7, “Хүний эрхийн тулгамдсан асуудал” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд 12, “Хүний эрх миний нүдээр” сэдэвт гар зургийн уралдаанд 10 оюутан, сурагч тус тус оролцсон байна.



Мөн Ховд их сургуулийн Эрх зүйн тэнхимийн оюутнууд санаачлага гарган Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан “Цахим гэмт хэрэг” сэдэвт лекц зохион байгуулжээ. Үүнээс гадна “Алтан хонх” тэмцээн, “АХА” танин мэдэхүйн тэмцээн явагдсан бөгөөд хуулийн чиглэлээр 200 орчим номын үзэсгэлэн гаргалаа. Мөн Ховд их сургуулийн Эрх зүйн тэнхимийн багш, оюутнууд иргэдэд хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ажиллав. 







<
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ