“Хүндлэлд хүйс хамааралгүй” уран илтгэлийн цахим уралдааны шилдгүүд тодорлоо



Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Хүндлэлд хүйс хамааралгүй” уран илтгэлийн цахим уралдааныг амжилттай зохион байгууллаа. 
Тус уралдааныг “Яг одоо хүчирхийллийг цэглэе” уриатай Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоног үндэсний аяны хүрээнд хэрэгжүүлснээрээ онцлогтой. 
Мөн өсвөр үе, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, цахим орчны зөв хэрэглээг бий болгох, хөвгүүд, эрэгтэйчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “Хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” байхад нөлөөлөх зорилготой байв.
Тус цахим уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн 8-12 дугаар ангийн сурагчид болон Ховд их сургууль, “Хөгжил” политехникийн коллежийн суралцагчид оролцож, мэдлэг, илтгэх ур чадвараа сорин өрсөлдсөн юм. 
“Хүндлэлд хүйс хамааралгүй” уран илтгэлийн цахим уралдаанд нийт 20 гаруй илтгэл өрсөлдсөн. Үүнээс тэргүүн байрт Жаргалант сумын лаборатори нэгдүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ц.Хулан шалгарлаа.
Харин дэд байрт Прогресс сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Х.Ахмарал, гутгаар байрт тус сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Я.Энхмарал тус тус шалгарав.
Тусгай байрт Ховд их сургуулийн НХУС-ийн Эрхзүйн тэнхимийн нэгдүгээр курсийн оюутан Б.Маралмаа, ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Өлзий тус тус шалгарсан байна. 
Цахим уралдааны шилдэг оролцогчдын шагналыг өнөөдөр Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Номинчимэг гардуулан өгч, амжилт хүслээ. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ