Эрдэнэбүрэн сумын нутагт болсон байгалийн гамшигт үзэгдлийн улмаас одоогоор 20-иод га ой мод сүйдэж, 10 тн-ийн гүүр, 15 өвөлжөө, хаваржаа устаж үгүй болсон байна



Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн нутаг, Цамбагарав уулын өвөрт орших 7 тооны ногоон нуураас эх авдаг "Хусны гол" нь мөнх цасны хайлалт, аадар борооны улмаас 2021 оны 07 дугаар сарын 28-ны шөнө 100-300 метрийн өргөнтэй үерлэн, нүүжээ. Үүний дагуу тус сумын Онцгой комисс, мэргэжлийн анги албадын төлөөлөл гамшигт үзэгдэл болсон тухайн газар нутагт ажилласан байна. Мөн Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч туулах чадвар бүхий авто машинтайгаар аврах ажиллагаа явуулахаар хүч нэмэгдүүлэн ажиллажээ. 2 өдөр үргэлжилсэн байгалийн энэхүү гамшигт үзэгдлийн улмаас азаар хүн, малын амь эрсдээгүй. Харин орон нутгийн зам эвдэрч хаагдан, 2 автомашинтай 11 хүн боогдсон байсныг зуслангийн чиглэлд /аюулгүй газар/ шилжүүлжээ. 


Гамшгийн улмаас одоогоор 20-иод га ой мод сүйдэж, тус багийн айл өрхүүдийн зуслангийн гол замын "Хад үзүүр"-ийн 10 тн-ийн гүүр, малчдын 15 өвөлжөө, хаваржаа урсаж үгүй болсон байна.


Нутгийн малчдын ярьж байгаагаар гамшиг болохын өмнө асар их нүргэлсэн дуу чимээ гарсан гэнэ. Үер болсон газар тэр чигээрээ элс, лаг шавранд хучигджээ. Мөн Баянгол багийн иргэд, малчдад эрүүл мэндийн болон төрийн үйлчилгээг хүргэх, зуслан тийш зорчих ямар ч боломжгүй болсон байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Онцгой байдлын газар Улсын байцаагчийн дүгнэлт гаргаж хохирлыг эцэслэн тогтоохоор ажиллаж байна гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

ВИДЕО:






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ