УРД НЬ ЯВАГЧ ...



Тэр бол УРД НЬ ЯВАГЧ...
Хувь заяаны тохиол, аль эсвэл түүний өөрийнх нь сонголтын алин болохыг хэлж эс мэдэх. Тэр дандаа л ачааны хүндийг үүрч, олны хэлдгээр “гал барьж” явдаг нэгэн. Улсын Их Хуралд гурвантаа сонгогдохдоо улам  яван чангарч, ирлэгдэн хатаагдаж яваа хүн. 
Хууль тогтоох ажлаас эмээн хойргоших, эхлэн суралцагч мэт хэл чимээгүй бэргэх дүр зураг, дур зорго аль алин нь анхнаасаа түүнд байгаагүй. Тиймдээ ч монголын парламентад тод мөртэй, товойх нэртэй яваа цөөхөн гишүүний нэг болсон билээ. 
           Үнэндээ бол ах намын түүхийг сөхвөл үеийн үед тус намын хөсгийг хөтөлж, хөгжлийг түүчээлж явсан томчууд бараг тэр чигээрээ бүлгийн даргын хариуцлагатай албыг хашиж явсан түүх дурайж байгаа нь нэгийг өгүүлнэ. Өнгөрсөн дөрвөн жилд, тодруулж хэлбэл 2012-2016 онд тэр цөөнхийн бүлгийг ахалж, хүчтэй сөрөг хүчний удирдагчаар нэр төртэй ажилласан. Эрх баригчдын алдааг хэлж сануулах, андууг шүүмжлэн дэлгэх үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлсэн. 
Олны ёжлон өхөөрдсөнөөр монгол төрийн “НАМЛАГ” гурван өндөрлөг, ижил буруу “ТУЛГЫН ЧУЛУУ”-нууд ээлжлэн төр барьсан дөрвөн жилд цөөнхийн бүлэг амаргүй сорилттой тулгарсан нь мэдээж. Ийм үед сумны зэв, жадны үзүүр болсон бүлгийн даргын хувьд хамаг “гал” түүн рүү чиглэж байлаа. Гэлээ ч гүтгэн доромжлох, гутаан давшлах , хүч түрэн дарангуйлах аливаа бусармаг үйлдлийн эсрэг шантралгүй зогсож чадсан нь олон нийтийн дунд түүний үнэлэмжийг төрийн бодлого тодорхойлогчийн хэмжээндүнэлж хүлээн зөвшөөрөх хүртэл нэмэгдүүлсэн байх. 
Сөрөг хүчин гэхээр л улдан чангаах, тэвхдэн гацаахаас өөр ажил хийх боломжгүй гэдэг уламжлалт хуучин ойлголтыг тэр эвдэж чадсан юм. Дөрвөн жилийн богино тойргийн дөнгөнд орж, хөл нь тушигдсан хөгжлийн бодлогыг холын хараатай болгож, Монгол Улсыг2030 он хүртэл хөгжүүлэх урт хугацааны хөгжлийн баримт бичгийг санаачлан батлуулсан нь үүний нэгээхэн нотолгоо. Бүлгээ бүтээлч сөрөг хүчин байлгана гэсэн амлалтандаа хүрсэнийх нь нэгээхэн жишээ. Парламент дахь улс төрийн намуудын хамтын ажиллагаа, харилцан зөвшилцлийн үр дүнд батлагдсан энэ бодлогыг амьгүй цаас, хүчгүй хууль болгочихгүйн тулд хамаг анхаарлаа хандуулсан нь ч үр дүнд хүрсэн. 
Үнэндээ өнгөрсөн жилүүдэд МАН-ын хамаг улс төр бүлэг дээрээ тулгуурлаж, тэнд өрнөж, тэнд ялалт байгуулж , 26 суудалтай бүлэг нь зангидсан гар шиг нэгэн цул байж чадсан нь хожмын том ялалтын эхлэл байв. Тиймдээ ч сонгуульд оролцох намынхаа Мөрийн хөтөлбөрийг ахалж боловсруулах том ачааг МАН бүлгийн даргадаа үүрүүлсэн, тэр ч энэ үүргээ нэр төртэй биелүүлсэн билээ. Ямартаа л УИХ-ынгишүүнЛ.Болд "Сонгуулийн үеэр хүмүүс намхарахгүй, хүн харна гэдэгбайсан. Яг эцсийн дүнд сонгогчид намын мөрийн хөтөлбөрийг сонгодог юм байна. МАН-ын мөрийн хөтөлбөр яллаа. Үнэхээр сайн мөрийн хөтөлбөр байсан" гэж уулга алдахав дээ. 
        Ялсан намын Мөрийн хөтөлбөр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гол үндэс болдог нь бичигдээгүй хууль. Тэр ч утгаараа мөрийн хөтөлбөрт туссан ахмадуудад “Насны хишиг” хүртээх, оюутнуудад сургалтын зээл олгох, малчны тэтгэврийн насыг наашлуулах, “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт заалтууд түрүүчээсээ хэрэгжих сууриа тавилаа. 
Сэхээнд орсон эдийн засгаа сэргээн аврах, үүдээ барьсан хувийн хэвшлээ өөд нь татах ажилд Засгийн газар ханцуй шамлан ороод байна. 
Энэ удаад мань хүн бас л “ГАЛ БАРИХ” хэрэгтэй болж, магадгүй өмнөхөөс бүр ч илүү хариуцлагатай, хатуу чанд гэмээр үүрэг түүнд оногдоо юу гэлтэй. 
Өнгөрсөн жилүүдэд зарим “жингийн ахлагч” нь хөтөлсөн хөсгөө хөсөр хаяж, жолоо цулбуураа зоргоороо залан, өөр зүг рүү шогшиж, хууль шүүхийн шинэчлэл нэртэй хуй салхи босгон, хожим нь тэр үйлт шуургандаа өөрөө “төөрсөн” түүхийг давтахгүй байх үүрэг түүнд ирэв. 
         Бас дараачийн “жингийн ахлагч” гуай түрүүчийн залуу “ахлагч”-ийн хөтөлсөн хөсгийг цөмөөрөнг нь хуу тарааж, тэгнэсэн ачааг нь  буцааж буулган хуучин хэвд нь оруулах гэж дороо эргэцсээр хугацаагаа дуусгасан алдааны мөрөн дээр ахиж гишгэхгүй байх сургамж түүнд хамаатай.
Монгол Улс ардчилсан нийгмийн тогтолцоог сонгосон 20 гаруй жилийн хугацаанд хууль эрх зүйн шинэчлэл тасралтгүй явагдсан. Их ч ажил хийгдсэн. Гэхдээ хийгдээгүй, хийх ёстой ажил түүнээс ч дутахгүй их байна. 
Өмнөх УИХ-ын үед арайхийж нэг юм батлагдсан Эрүүгийн хуулийг дагаж гарах ёстой байсан таван хуулийг “Үхрийн сүүлэн дээр хутга хугарав” гэдэг шиг ёсчлоогүйн харгайгаар хэрэгжих боломжгүй болж хойшлогдсон. 
Эрүү, Зөрчлийн хуулиудад, бас түүний дагуул таван хуульд эргэж харах зүйл бишгүй байсныг ч цагийн шалгуур харуулж байх шиг. Тиймээс тэр бүхний хийдэл давхардал, хэтрүүлэг дутуудалыг нь арилгаж засах ажилд түүний баг шуурхайлан ороод байна. Аравнай шүншиггүй бурхан шиг болсон Эрүү, Зөрчлийн хууль хэрэв хэрэгжээд явсан бол нээлттэй хаалттай хорих анги барихад 100 гаруй тэрбум төгрөг, тэдгээрт ажиллах хянагч харгалзагчийн орон тоо цалин хөлсөнд бас чамгүй их хөрөнгө мөнгө шаардагдах байв. 
Эдийн засаг өеөдөж, сургууль цэцэрлэг хомсодсон энэ үед шорон барихад хэдэн зуун тэрбум төгрөг зарцуулаад эхэлсэн бол олон түмний их эсэргүүцэлтэй тулгарч, эгдүүцэл дургүйцэлтэй тулгарах байсан нь мэдээж. 
Ялын төрөлд 7 хоногийн хорих ял хүртэл багтсан нь “Шоронжсон” хуулиас аман дээрээ татгалзаж байна гэчихээд ачир дээрээ харин ч жинхэнээсээ “шоронжуулах” бодлого болох эрсдэл ард нь нүүрлэж байв. Хүмүүс 7 хоног байна уу,7 жил байна уу хамаагүй хэн нэгэн алдаж эндэн хорих ял эдэлсэн л бол түүнийг шоронд орсон хүн л гэж  ярьж хэлцэнэ, бас битүүхэн гадуурхаж, зай барина. Хувь хүний намтарт хорих ял эдэлж байсан гэх бараан тодотгол ямар хортойг бид бултаараа гадарлаж л байгаа.     
Шоронд орсон бүү хэл эрүүлжүүлэхэд хоносон хүнээс цэрвэдэг сэтгэлгээтэй ард түмэнд ялын ийм бодлого таалагдах нь юу л бол...
Хуурч мэхлэх, залилж завшигчид борооны дараах мөөг шиг олширсон энэ цөвүүн цагт хохирсон нь улам хохирдог, хохироосон нь илүү завшдаг хачин хийдэл хавчуулагдсан байсныг ч засах шаардлага бий болсон юм. 
Тэгэхээр “шүдгүй арслан” шиг шүүхийн шийдвэр, хуйвгүй уурга шиг хуулийн заалт хүч байтугай амь орохгүй нь хэнд ч ойлгомжтой.  
 Хэд хэдэн сайдын нүүр үзэж гар дамжин, арав гаруй жил хэрэлдэж, хэлцэж, маргаан мэтгээн дагуулж байгаа Эрүүгийн хуулийг дордуулахгүй дээрдүүлэх том үүрэг одоо түүнд ирээд байна.
         Хууль зүй дотоод хэргийн яам бол үндсэн чиглэлийн яам. Энэ том яамыг тэргүүлж ажиллана гэдэг амаргүй хэрнээ нэр төрийн хэрэг. Цөөнгүй хүн энэ яамны сайдаар ажиллаж байсан ч хийсэн ажлын цар хүрээ, хэрэгжүүлсэн бодлогын үр дүнгээрээ гарын таван хуруунд багтах хэдхэн хүн л хууль эрх зүйн салбарын ой санамжид тод мөрөө үлдээжээ. 
Тэднээс цухас дурдахад Ж.Амарсанаа гуай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн төсөл боловсруулах ажлыг өөрчлөн шинэчлэхэд илүүтэй анхаарч байсан түүхтэй. Харин хашир хуульч Ц.Нямдорж хууль хэрэглэх эрх бүхий байгууллагын хэрэглэж буй эрх зүйн үндсийг боловсронгуй болгох замаар эрх зүйн шинэчлэл хийхэд анхаарсан байдаг.Тэгвэл Х.Тэмүүжин хуульч, хууль сахиулагч субьектуудын үйл ажиллагааг боловсронгуй болгож, шүүх эрх мэдлийн үйл ажиллагааг сайжруулах үзэл баримтлалыг бий болгох гэж хичээсэн. 
Одоо харин С.Бямбацогтын хувьд эдийн засгийн эрх чөлөөг эрх зүйн хувьд бүрэн дүүрэн хангах, тийм тогтолцоо бий болгон хэрэгжүүлэхэд анхаарч байгаа нь анзаарагдана. Энэ бол эдийн засагт, бизнест ээлтэй эрх зүйн орчинг бүрдүүлэх явдал түүний үйл ажиллагааны гол чиглэл болж буйн тод илрэл байх.
Хууль заавал хэрэгждэг байх, хууль баян ядуу, хүчтэй хүчгүй, хөгшин залуу, хөдөө гадаа гэсэн ямар ч ялгамжгүйгээр хүн бүрт тэгш үйлчилдэг байх нь эрх зүйт төрийг төлөвшүүлэх гол үндэс, басхүү өөрийнх нь баримтлах үндсэн зарчим гэдгийг тэр мэдэгдсэн. 
         Түүнийг ХЗДХ-ийн сайдаар томилогдоход манай туршлагатай парламентч Д.Лүндээжанцан “ Бичмэл хуулийг амьд хууль болгоход ХЗДХ-ийн сайдын зангараг, үүрэг маш чухал. С.Бямбацогтын хувьд Хууль зүйн байнгын хороонд олон жил ажилласан, намын бүлэг ч толгойлж явсан. Тийм болохоор хууль боловсруулах ажлын“гэдэс дотор”-ыг нь сайн мэднэ. Амьдрал дээр юу нь нийцэх, юу нь нийцэхгүйг мэдэх хүн” гэж хэлж байв.
Энэ эрхэм хүн түүнийг ингэж үнэлсэн нь зүгээр ч  нэг тохиолдлын хэрэг биш биз ээ.
Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал, Хөгжлийн банкнаас Чингис бондын талтай дүйх хэмжээний санхүүгийн зөрчил илэрсэн дуулиант хэргийг түүний тэргүүлсэн ХЗДХЯ олон нийтэд ил болгосон. Түрүүчийг нь Авлигатай тэмцэх газарт өгч, хууль хяналтын байгууллага үнэн мөнийг тогтоох ажилдаа ч орсон. 
Мэдээж энэ бүх дуулиант хэргийн цаана асар их мөнгөний тоо, ашиг сонирхол, атгаг шуналаараа нэгдэж нийлсэн бүлэглэлүүд байж таараа. Тэд ч бас зүгээр сууж байгаад хэргээ хүлээчих тэнэгүүд, эсвэл сайхан сэтгэлт гэгээнтэнүүд биш. Тийм болохоор улс төр, хэвлэл мэдээллээр халхавчлан дайралт хийх нь гарцаагүй. Ер нь хийсээр ч ирсэн түүхтэй. Гэхдээ улыг нь шагайгаад юу ч олж долоохгүй болохоор тэвдэн сандарч, мэгдэн бачимдаж байгаа нь аргагүй. 
“Хувьсгалыг суутнууд сэтгэж, хатан зоригтнууд хийж, үр дүнг нь бэртэгчид хүртдэг” гэж О. Бисмарк аль эрт хэлчихсэн. Харамсалтай нь багасгасан утгаараа ч энэ үг үнэн байдаг бололтой. Магадгүй парламентад олонх болсон МАН-ын 65 дотор “нялхсын өвчин” дэгдвэл, намынхаа нэр нүүрээр гишүүн болж аз нь шовойсноо алгуурлан мартагсад хэт олширвол эргээд энэ намд өөрт  нь л халтай. Үг үнэн байх тусмаа гашуун байдаг болохоор л үүнийг эртнээс хэлээд байгаа хэрэг. Учир нь одоо ухрах эрх, буцах газар МАН-д үгүй болсон. Бүрэн эрх, бүтэн итгэлээ ард түмэн бүх шатны сонгуулиар олгочихсон болохоор тэр шүү дээ. Тийм болохоор халгалгүй ГАЛ БАРИГЧ, халшралгүй УРД НЬ ЯВАГЧ хүмүүс МАН-д мань хүн шиг ганц нэг байх нь ерөөсөө хангалтгүй. Ард түмэн түүнээс, бас түүний намаас одоо улам ихийг хүсч харж байгаа нь гарцаагүй.

                                                                      Эх сурвалж: Өдрийн сонин 2016.11.07 №256        И.ЖАРГАЛ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ